
БИОКОМБИНАТ ТӨХХК-ИЙН ИНЖЕНЕР, ТЕХНИКИЙН АЛБАНЫ ТАНИЛЦУУЛГА
Биокомбинат нь 1940-өөд оноос төвийн цахилгаан эрчим хүчинд холбогдсоноор дэд бүтцийн эх үүсвэр тавигджээ.
1960-аад оны үеэс ЭЗХТЗ-ийн гишүүн орнуудын хамтын ажиллагааны үр дүнд 1973 онд Унгар улсын техник, эдийн засгийн тусламжтайгаар Биокомбинатыг иж бүрэн цогцолбор үйлдвэр болж шинэчлэхтэй зэрэгцэн одоогийн дэд бүтэц бүхий инженерийн байгууламж ашиглалтад орсон байна.
Инженер, техникийн алба нь үйлдвэрлэлийг технологийн уур, дулаан, цахилгаанаар хангах, дэд бүтэц бүхий инженерийн байгууламжийн найдвартай ажиллагааг хариуцан ажилладаг.
Цахилгаан эрчим хүч, дулаан хангамж, технологийн уур, цэвэр ус олборлох, түгээх, бохир ус ариутган зайлуулах инженерийн байгууламжтай.
Үйлдвэрлэлд шаардлагатай агааржуулалтын болон хөргөлтийн иж бүрэн системтэй.
ИТА-нд Дулааны станц, Засвар Цахилгаан цех, Сантехникийн цех гэсэн 3 цех харьяалагдаж, нийтдээ 65 инженер, техникийн ажиллагсадтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
Жилдээ 18000-22000 Гкал дулаан үйлдвэрлэж, 1,5 сая/квт цахилгаан эрчим хүч хэрэглэж, 420000-450000 куб.м цэвэр ус олборлож, 300000-350000 куб.м бохир ус цэвэрлэж, ариутган зайлуулж байна.
Биологийн үйлдвэрлэлийн 30-аад барилга, байгууламж, 60-аад нэр төрлийн 500 орчим тоног төхөөрөмж, лабораторийн багаж, хэрэгсэл ашиглагдаж байна.
Хүйтэн хэлхээ бүхий тусгай тоноглогдсон, хөргөлттэй автомашинаар өөрийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг хөдөө орон нутагт хүргэдэг.
Биокомбинат нь анхны газар доогуурх тунелийн систем бүхий инженерийн шугам, сүлжээтэй бөгөөд 1996-1998 онд Дулааны станцыг шинэчлэх, 2000, 2014 онд гадна инженерийн шугам, сүлжээг шинэчлэх ажлуудыг Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж, орчин үеийн дэвшилтэт технологи бүхий үйлдвэрлэлийн тоног, төхөөрөмжийн шинэчлэлтэд жил бүр 300-500 гаруй сая төгрөгийг өөрийн хөрөнгөөр тогтмол санхүүжүүлж байна.
Монгол улсын мал, сүргийг эрүүлжүүлэх, нийгэм, эдийн засгийн хөгжилд Биокомбинат ТӨХХК-ийн инженер, техникийн ажилчдын нөр их хөдөлмөр, мэдлэг, чадвараас гадна дэд бүтэц, инженерийн байгууламжийн найдвартай, тасралтгүй ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн юм.
ИТА-ны хамт олон үйлдвэрийнхээ хөгжил, дэвшлийн ажилд гар бие оролцож, 2023-2024 онд дэлхийн банкны МААЭЗЭН төслийн хүрээнд шугаман эс (cell line)-ийн технологи нэвтрүүлэх, “Хүнсний болон хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих хөнгөлөлттэй зээл”-ийн хүрээнд шингэн вакцины савлагааг автоматжуулах төслийг тус тус амжилттай хэрэгжүүлээд байна.
ДУЛААНЫ СТАНЦ
Биокомбинат нь анх 1967 онд анхны уурын зуухыг барьж, 1969 онд 1-р зуухыг ашиглалтад оруулж, 1973 онд Унгарын БВ-300 маркын 10 тн/цаг бүхий хүчин чадалтай 4 зуухыг бүрэн хүчин чадлаар нь ашиглалтад оруулжээ.
1973-1990 онд Унгар мэргэжилтнүүдийн хамт жилдээ 65000 Гкал дулаан үйлдвэрлэж, үйлдвэрлэлийг технологийн уур дулаанаар хангахаас гадна, Сонгино тосгоны орон сууцыг дулаанаар хангадаг байжээ.
1996-1998 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ОХУ-ын КЕ10/14, КЕ6,5/14 зуухыг түлш дамжуулах хэсэг, барилга байгууламжийн хамт ашиглалтад оруулж, 2003 онд БНХАУ-ын SZL 4/1.25AII маркын 2 зуухаар нэмж өргөтгөсөн юм.
2006-2008 онд ул ширэмт зуухны технологийг өөрчлөн НТБҮШ-д шилжүүлсэн нь зардал хэмнэсэн, зуухны АҮК-ийг дээшлүүлсэн, байгаль орчинд халгүй технологи нэвтрүүлсэн томоохон ажил болсон юм.
ЗАСВАР ЦАХИЛГААН ЦЕХ
Биокомбинат нь 1940 оноос Төвийн цахилгаан эрчим хүчинд холбогдсон юм.
Засвар Цахилгаан цех нь үйлдвэрийг цахилгаан эрчим хүчээр хангах, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээ, хөдөө орон нутагт бүтээгдэхүүн тээвэрлэх ажлыг хариуцан гүйцэтгэж байна.
1973 онд БНУУ-ын техник, эдийн засгийн тусламжтайгаар цахилгаан дамжуулах 6/0,4 кВ-ын дэд станц ашиглалтад орсноор орчин үеийн цахилгаан хангамжийн эх үүсвэр тавигдсан байна.
Тус цех нь 16 ажил, мэргэжлийн чиглэлээр үйлдвэрийн бүх цех, нэгжүүдийн холбоо, мэдээллийн сүлжээ, хөргөлт, хий, агааржуулалтын систем, 450 гаруй нэр төрлийн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжүүдийн хэвийн үйл ажиллагааг хангах, цахилгаан эрчим хүчний түвшингийн хувиргалт хийж, түгээх ажлуудыг гүйцэтгэж байна.
2025 онд цахилгаан хангамжийн найдвартай ажиллагааг дээшлүүлэх ажлын хүрээнд 6/0,4кВ-ын дэд станцад 400квт-ын автомат ажиллагаатай дизель цахилгаан үүсгүүрийг ажилд оруулсан.
САНТЕХНИКИЙН ЦЕХ
Сантехникийн цех нь үйлдвэрийн инженерийн шугам, сүлжээний найдвартай ажиллагааг хангаж ажиллахаас гадна үйлдвэрлэлийг дулаан хангамж, хэрэгцээний халуун, хүйтэн усаар хангах, бохир ус ариутган зайлуулах ажлыг гүйцэтгэдэг.
Цех нь жилдээ 420,000-450,000 куб.м цэвэр ус олборлож, 300,000-350,000 куб.м бохир усыг биологийн аргаар цэвэрлэж, ариутган зайлуулж байна.
Тус цехэд сантехникийн инженерээс гадна тусгай мэргэжлийн сантехникийн засварчин, слесариуд ажиллаж, үйлдвэрлэлийн 24 цагийн хяналт бүхий ээлжийн слесариуд ажилладаг.
2014 онд Улсын төсвийн хөрнгө оруулалтаар уур, усны инженерийн шугам сүлжээг бүрэн шинэчилсэн.
mn
en